English (United Kingdom)Mongolian
A+ R A-

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ-2010

И-мэйл Хэвлэх PDF

Мэдлэгт суурилсан эдийн засаг, шинжлэх ухаанд тулгуурласан хөгжлийн нийгэм рүү орох тусам Шинжлэх ухааны үүрэг, түүний ач холбогдол улам бүр өсч, улс орнуудын хөгжилд чухал байр суурь эзлэх болсон өнөө үед Монгол улсын хөгжлийг шинжлэх ухаантай уялдуулах, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал чухал байр суурь эзлэх боллоо. 2010 онд Монгол улсын Шинжлэх ухааны Академи (ШУА) эх орныхоо нийгэм, эдийн засгийн салбаруудаас өгч байгаа захиалгыг шуурхай биелүүлж үйлчлэх, төр засаг, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргах, ШУА-ийн бодлого, үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг олон нийтэд таниулан сурталчилах, шинжлэх ухаан-инновацийн бодлоготой уялдан ажиллахад онцгой анхаарч ирлээ. Энэ асуудлуудын хүрээнд 2010 онд хийгдсэн гол гол ажлуудыг тоймлон танилцуулж байна. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал үргэлжилж байгаа хэдий ч зарим салбарт тодорхой ахиц гарсан, төр, засаг ирээдүйн хөгжилд дорвитой эхлэл болох зарим шийдвэрийг гаргасан жил болов. Шинжлэх ухаан, технологийн салбарыг үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай холбох, санхүүжилтийн олон эх үүсвэрийг бий болгож зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, боловсон хүчний чадавхийг сайжруулах талаар тавигдаж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, өндөр технологийг нутагшуулах, хөгжүүлэх, технологийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн 2010-2014 онд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг 2010 оны 7 дугаар сард Засгийн газар баталснаар шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж байгаа төсвийн хөрөнгө, салбарын нөөцийг төвлөрүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх бодит боломжийг бүрдүүлж өгөв.
Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхижүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” технологийн форумыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Шинжлэх ухаанд сууриласан хөгжил” зөвлөгөөнийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран тус тус зохион байгуулав.  Форум болон зөвлөгөөнөөс шинжлэх ухаан, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх талаар зөвлөмж гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх талаар ажиллаж байна. Зөвлөмжид тусгагдсан салбар дундын тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлж, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, түншлэлийг хөгжүүлэх асуудал “ШУТ-ийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-д тусгагдан улмаар БСШУЯ, ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэх “Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж, жишиг үйлдвэр”, ЭМЯ, “Монос” групптэй хамтран “Хавдрын эсрэг үйлдэл бүхий “Эллипин” шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
ШУА-ийн Бага чуулганы дүрэм, ШУА-ийн харьяа байгууллагын захирлыг ажилд томилох, чөлөөлөх журмуудад зарим нэмэлт өөрчлөлтыг оруулж энэхүү шинэчлэгдсэн дүрэм журмын дагуу 2010 онд ШУА-ийн харьяа хүрээлэн төвийн захирлыг томилж, салбарын бага чуулгануудыг шинээр зохион байгуулав. ШУА нь шинжлэх ухааны салбараар зохион байгуулсан 5 бага чуулган, 2 салбар академитайгаар ажиллаж байна. Салбарын бага чуулганы гишүүнээр нийт 87 эрдэмтэн, мөн төрийн төлөөллөөр 24 эрдэмтэнийг сонгожээ. Бага чуулганы нийт гишүүдийн 21,6 хувь нь төрийн төлөөлөл, 23,4 хувь нь их, дээд сургуулиудын багш, профессор, 41,4 хувь нь ШУА-ийн харьяа хүрээлэн төвийн эрдэмтэд, үлдсэн хувь нь бусад байгууллагуудаас сонгогдсон эрдэмтэд тус тус байна.
Монгол улсад 2009 байдлаар 1594 ЭША ажиллаж байгаагаас, ШУА-ийн харьяа хүрээлэн, төвд нийт 953 албан хаагч, үүнээс 760 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаагийн 43 доктор (Sc.D), 168 доктор (Ph.D), 240 магистр ажиллаж байгаа ба 35 хүртэлх насны залуучууд 451 %, 50-иас дээш насныхан 25 % тус тус байна. Дундаж нас 2004 онд 42 байсан бол 2008 оны байдлаар 38 болжээ. Манай эрдэмтэн судлаачид 2010 онд суурь судалгааны 103 сэдэвт ажил, шинжлэх ухаан технологийн 37  төсөл, 3 инновацийн төсөл,  9 грант төсөл, 19 гэрээт ажил, 7 зэхэц ажлыг  тус тус хэрэгжүүлж ажилласан ба судалгааныхаа үр дүнгээр 69 ном, ганц сэдэвт зохиол, 686 эрдэм шинжилгээний өгүүлэл  хэвлүүлж, эрдэм шинжилгээний хуралд  523  илтгэлийг хэлэлцүүлжээ. Мөн патент 15, стандарт 42, шинэ бүтээл 7, аргачлал 2, баримт бичиг, зөвлөмж 10-ыг боловсруулсан байна. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа үр дүнг олон нийтэд сурталчилан таниулах ажилд ихээхэн анхаарал тавьж ирснээр олон нийтийн мэдээллийн хэрэгслэл болон ШУА-ийн мэдээ сэтгүүл, эрдэм сонинд хэвлэн нийтлүүлж олны хүртээл болгосон байна. Шинжлэх ухааны салбарт гарсан зарим томоохон үр дүнгээс дурдвал:
ШУА-ийн ХХТХ-ийн эрдэмтэн акад. Д.Батсүрэн, доктор Ж.Тунсаг нар Солонгосын эрдэмтэдтэй хамтран хорт хавдрыг эмчлэх, урдчилан сэргийлэх дауринол агуулсан эмийн бэлдмэл гарган авсан ба энэ нь хавдрын эсийн S  фазыг сонгомол хэлбэрээр бүрхэж, хавдрын эсийн үржлийг зогсоох ба арортоsis-ын процесст оруулах замаар хавдрын эсийн бүх үе шатанд давхар үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эл бэлдмэлээр олон улсын патент авлаа. Монгол гэрийн халаалтанд зориулсан “XXI House-Thermo” алсын удирдлагатай, эрчим хүчний зохицуулалт бүхий бага оврын цахилгаан халаалтын системийг туршин үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгов. Туул голын усны бохирдлын жил, улирал, хоногийн  орон зайн өөрчлөлт, усны нөөцийн байдалд хийсэн мониторингийн судалгаа, ус ашиглалт, хомсдол, сав нутгийн усны менежментийн асуудлыг багтаасан “Туул голын усны нөөцийн  нэгдсэн менежмент, зохистой ашиглах, хамгаалах асуудал” нэгэн сэдэвт хамтын бүтээлийг зохиов.
Манай геологичид Монгол орны эрдэс баялгийн үлэмж нөөц хуримтлалыг агуулагч мезо-кайнозойн эриний хурдас, чулуулгуудын нарийвчилсан ангилалыг тодорхойлох, тэдгээрийн гарал үүслийн зүй тогтолыг илрүүлэх, мезо-кайнозойн эриний хурдас чулуулагтай холбоотой үнэт, өнгөт, ховор металл, нүүрс, нефть, уран, барилгын материал зэрэг эрдсийн түүхий эдийн байршлын зүй тогтолыг илрүүлэх шинжлэх ухааны үндэслэл  болсон “Монгол Улсын мезозой-кайнозойн тектоникийн зураг” ба “Монгол Улсын мезозой-кайнозойн ашигт малтмалын (минерагенийн) зураг”-уудыг зохиов.
Ботаникчид эх орныхоо ойн тархалтын зүй тогтол, ойн таксацын үзүүлэлтүүдийн зарим онцлог, ойн  өсөлт,  модны эзлэхүүний хүрд зохион, ойн сэргэн ургалтын онцлогийг илрүүлж,  Монгол орны ойн экосистемийн өөрчлөлтийн зургийг зохиов. Ботаникийн цэцэрлэгт нийт 100 гаруй зүйл мод, сөөг, цэцэг чимэглэлийн нэг ба олон наст өвслөг гадаадын 85 сорт ургамлыг тарималжих, нутагших ирээдүйтэйг судлан тогтоож, үүнээс нэн ховор, ховор 23 овог, 35 төрөл, 50 зүйл ургамлыг хамгаалж, төрөлжсөн цуглуулгыг 5.4 га-д бүрдүүлж, 8.2 га талбайн ногоон байгууламжийг сэргээн байгуулав. Цаг уурын өөрчлөгдөл, дулаарал, хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр бэлчээр, ургамалжил хэрхэн өөрчлөгдөж, дасан зохицон амьдарч байгааг судалсан судалгааны дүнд тодорхой бүс нутгуудад бэлчээрийн ургамалжил хэт талхлагдалд орж хялгана зонхилсон бүлгэмдэл  шарилжит бүлгэмдэл болон өөрчлөгдсөн, ялангуяа нэг наст ургамал түрэн ургаж, тэжээллэг чанар  өндөртэй, бэлчээрийн олон наст  ургамлууд ургахгүй болж байгааг судлан тогтоосон бөгөөд зонхилогч ургамлуудын тархалтын зүй тогтлын дүнд монгол орны цөлийн хээрийн бүс нь хуурай хээрийн бүс  рүү түрэн тархаж байгааг тогтоов.  Монгол улсын хүн амын дунд өргөн тархсан HCV-ийн генетик хэв шинжийг илрүүлэх, альфафетепротейны (AFP) элэгний хавдрыг эрт илрүүлэх зэрэг оношлуурыг лабораторийн нөхцөлд гаргаж аваад байгаа ба цаашид эдгээр оношлуурыг олноор үйлдвэрлэж, хэрэглээнд оруулах шаардлагатай байна.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи нь тус салбарын шинжлэх ухааны хөгжлийн чиг, хандлага, ойрын болон хэтийн зорилтыг тодорхойлж, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг 2010-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулав. Тариаланчид, фермерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан “Хөдөө аж ахуйн бизнесийн лавлах” хэвлэж нийтийн хүртээл болгов. ХХААХҮЯ, Улсын Мал эмнэлэг, үржлийн газрын захиалгаар үхэр, хонины цусан халдварт өвчнөөс сэргийлэх вакцин 100 мянган тун үйлдвэрлэж, нийлүүлэв. Үрийн аж ахуйг хөгжүүлэх, үр шинэчлэлийн ажилд анхааран ажиллаж, буудайн элит ба сортын үр 200 т, товарын үр 150 т, төмсний үр 100 т, хүнсний ногооны үр 100 кг-ыг үржүүлсэн ба  Дархан-166, Дархан-160 зэрэг шинэ сортуудыг Улсын Сорт сорилтод шилжүүлэхээр шалгаруулж, Дархан-139, Дархан-144 сортуудыг нутагшуулав. Хөдөө аж ахуйн таримлын генофондод улаан буудайн эх материалаар нутгийн болон гадаадын 644 дээжээр цөм цуглуулга байгуулж үр тариа, буурцагтан, хүнсний ногоо, техникийн, чимэглэлийн тэжээлийн ургамлын 370 сортын үрийг сэргээн үржүүлж, шинэ сортын селекцийн эх материалыг нэмэгдүүлэв. Ургамал хамгааллын чиглэлээр 440 мянган га-д үлийн цагаан оготнотой тэмцэх энгийн механик арга хэрэглэн бэлчээрийг хамгаалсан байна.  Бэлчээрий хортон шавьж, мэрэгч амьтадтай  тэмцэхэд химийн аргыг хэрэглэхээс татгалзаж, биобэлдмэл гаргаж авахад судалгааны ажлыг чиглүүлэн ажиллаж, үлийн цагаан оготонотой тэмцэхэд  зориулж 200 тн, ойн шавьжтай тэмцэхэд 5 т биобэлдмэл үйлдвэрлэв. Шилмэл мал сонгон үржүүлэх судалгааны дүнд сарлагийн  бухны үр 250 тунг  хөлдөөж хадгалсан ба үрийн чанар гэсгээсний дараах үнэлгээгээр 4,5 баллаас дээш байгааг тогтоосон байна. Махны хонины 140, нарийн, нарийвтар ноост хонины 198 хөврөл, нийт 338 ширхэгийг үйлдвэрлэж, гүн хөлдөөн малын генийн санд шилжүүлэв.
Валмедин эмийн бэлдмэлийг УАШУТҮК-ийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэн, эрүүл мэндийн практикт нэвтрүүлсэн ба судалгааны дүнгээс үзэхэд мэдрэлийн ядаргаа, хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал, зүрхний неврозын хам шинжийн илрэлтэй өвчтөн уг эмийг 7-14 хоног хэрэглэхэд илэрхий засал авч сайжирсан үр дүн өгсөн байна. Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвд тарвагыг байршуулан, гаршуулж, судалгаанд хэрэглэх  цусны сорьцуудыг цуглуулж, гепатитын В вирүсийн гадаргын эсрэгтөрөгч (HBsAg) тодорхойлох шинжилгээг хийж, Гепаднавирүсийн ДНХ-г илрүүлэн, шинжилгээг судлан тогтоосноор судалгааны байгууллага, эм үйлдвэрлэгч ба импортлогч улсын болон хувийн компаниудад элэгний архаг үрэвсэл, анхдагч өмөнг эмчлэхэд болон урьдчилан сэргийлэхэд зориулагдсан эм бэлдмэлийн үйлчлэл, чанарыг турших  боломж бий болов.
Монгол оронд дунд палеолитын төгсгөл, дээд палеолитын эхэн үед амьдарч байсан эртний хүмүүсийн эдийн болоод соёл, оюун ухааны хөгжлийн түвшинг илтгэн харуулж чадахуйц олон тооны олдвор хэрэглэгдэхүүнийг Монгол-Оросын хамтарсан Чулуун зэвсгийн судалгааны анги Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Төлбөрийн голын хөндийд хийсэн малтлага судалгааны явцад олж цуглуулсан байна. ”XX зууны монгол өгүүллэгийн туурвил зүй” ганц сэдэвт бүтээлд XX зууны монгол өгүүллэгийн ур чадварын өсөлт, хөгжлийг үечлэн авч, тодорхой зохиол бүтээл дээр тайлбарлажээ. ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран Төв аймгийн Заамар сумын нутаг Хэрмэн дэнж хэмээх эртний хотын туурьт малтлага хийсний дүнд Хятан улсын үеийн хот болохыг баталж, түүний доор эртний уйгурын хот байсныг шинээр илрүүлэв. Сурвалжид тэмдэглэгдсэн уйгурын энэ хотыг судлаачид 100 гаруй жилийн өмнөөс хайсан боловч олоогүй байсан нь энэ онд илэрч олдсон нь шинэ судалгаа болсон байна. Дорноговь  аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн хэмээх газраас хятаны их бичигт гэрэлт хөшөөг анх олжээ. Наран зүг харуулан 1058 онд босгосон энэ хөшөөнд хятан их бичгээр бичсэн 7 мөрийг одоо болтол бүрэн тайлж чадаагүй байна. Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Хар бух балгаснаас 60 орчим хуудас хусны үйсэн дээр бичсэн ном илрүүлэн олсон бөгөөд эдгээр ном нь XVII зууны эхэн үед хамаарах агаад тухайн үед Монголд бурхны шашин хэрхэн дэлгэрч, түвд хэлнээс ном орчуулж, бас монгол лам нар өөрсдөө монгол хэлээр зохиол туурвин, тарааж байсныг гэрчлэх баримт юм.
Эрдэмтэд барилгад хэрэглэж байгаа бетоны чанарыг сайжруулах цуврал туршилт судалгаа явуулан Монгол орны түүхий эд, цементэд тохирох нэмэлтийг сонгож, хольцыг зөөвөрлөх, цутгах, нягтруулах технологийг боловсруулан харьцангуй өндөр (40-60МПа ) бат бэхтэй бетоны бий болгон үйлдвэрвэрлэлд нэвтрүүлсэн байна.
ШУА нь 2010 онд БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, УИХ-ын Тамгын газар, ҮХАҮТ зэрэг  байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж Засгийн газар, яам, тусгай газрын бодлогын хөтөлбөр, баримт бичиг боловсруулах болон захиалгат төсөл, даалгаварт ажил хэрэгжүүлэх чиглэлээр хамтран олон ажлыг хийлээ. Тухайлбал: БОАЖЯ-ны захиалгаар “Хөгнө-Тарнын БЦГ, Дорнод монголын УТХГ, Нөмрөгийн ДЦГ, Тужийн нарсны БЦГ, Говийн их дархан газрын “Б” хэсэг, Говийн бага ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны  менежментийн төлөвлөгөө боловсруулж захиалагч байгууллагад шилжүүлснээс гадна  Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, “Ус” үндэсний хөтөлбөр, УЦУОШГ-тай хамтран “Монгол орны олон жилийн цэвдгийн урт хугацааны  мониторингийн  сүлжээ” байгуулах,  Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын судалгаа явуулах ажлыг МУИС-ийн Газарзүйн салбартай хамтран хийв. БОАЖЯ-тай хамтран удаан задардаг органик бохирдуулагчийг тодорхойлох чадавхи бүхий лабораторийг байгуулав. “Ойн дагалт баялагийн тархац, нөөц, экологи-биологийн үнэлгээ” БОАЖЯ-ны Ойн газрын даалгаварт ажлыг  гүйцэтгэж  ойн дагалт баялаг болох хушны самар, 6 зүйлийн хүнсний болон эмийн мөөг, 16 зүйлийн жимс жимсгэний тархалт, ашиглалт-үйлдвэрлэлийн нөөцийг судлан тогтоосны үндсэн дээр тархалтын зургийг боловсруулж, биологи-экологийн үнэлгээ өгч, түүнийг зохистой ашиглах менежментийн асуудлыг шийдвэрлэх санал боловсруулав.
2010 онд ШУА-ны гадаад хамтын ажиллагаа бүс нутгийн түвшинд өргөжин тэллээ. Манай ШУА, Азийн шинжлэх ухааны зөвлөлийг тэргүүлэх болж, Азийн ШУА-уудын холбооны удирдах зөвлөлд сонгогдов. Монголын ШУА, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Тэргүүлэгчдийн хамтарсан хуралдаан болж шинжлэх ухаан, технологийн олон жилийн хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, шинэ шатанд гаргах талаар санал солилцож, хамтран ажиллах тухай Протокол, Монголын ШУА, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны Төвийн шинжлэх ухаан- техникийн талаар хамтран ажиллах Хэлэлцээр, Монголын ШУА, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн хооронд хамтран ажиллах тухай Хэлэлцээр, Монголын ШУА, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын шинжлэх ухааны Төвийн хооронд шинжлэх ухааны болон шинжлэх ухаан-техникийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр, Буриадын Боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хооронд хамтран ажиллах Хэлэлцээрт тус тус гарын гарын үсэг зурав. БСШУЯ, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын хооронд хамтран ажиллах Протоколд гарын үсэг зурж 2011 онд хэрэгжүүлэх утаагүй түлш, малын тэжээлийн үйлдвэрлэл-туршилт, чацарганыг гүн боловсруулж, шинэ бүтээгдэхүүн гарган, эрчим хүчний бус нүүрсийг цөлжилтийг сааруулахад ашиглах технологи,  Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын үр дагаврыг бууруулахад сансрын технологи нэвтрүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирлоо. ШУА, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын хооронд манай ШУА-ийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан байгуулах төслийн хэрэгжүүлэхээр мөн тохиролцов. ШУА-ийн гадаад хамтын ажиллагааны шугамын хүрээнд эрдэмтэн солилцоогоор 12, докторантурт 56, магистрантурт 50, сургалт семинар дээшлүүлэхэд 23 хүн хамрагдсан байна.
ХБНГУ-ын Макс Планкийн нийгэмлэгтэй хамтран соёлын өвийг тоон хэлбэрт шилжүүлж, интернэтээр дамжуулан олон нийтийн хүртээл болгох, судалгааны эргэлтэд оруулах зорилго бүхий орчин үеийн өндөр нарийвчлал, хүчин чадалтай төвийг Информатикийн хүрээлэнгийн дэргэд байгууллаа. Солонгосын ШУТ-ийн хүрээлэнтэй (KIST) хамтран KIST FARM төсөл хэрэгжүүлж эмийн ургамал тарилмалжуулах 10 га газрыг тохижуулан зарим эмийн ургамлын суулгац суулгасан байна. Геоэкологийн хүрээлэн Киотогийн их сургуулийн Экологийн судалгааны төвтэй хамтран Туул голын усны бохирдлыг судалж, хүн амын нягтрал ихтэй, үйлдвэрлэл, барилга байгууламж хөгжсөн районд гадаргын ус хэрхэн бохирдож байгааг судлах үндсэн зорилготойгоор Туул  голын дагууд  Тэрэлжээс Орхон голд цутгах хүртэл нийт 19 цэгт хамтын судалгаа явуулж, боловсруулалт хийснээр  Туул гол Монголын хамгийн бохирдолтой, Нийслэл хотын хэсэгтээ хаягдал бохир усны нөлөөгөөр байгалийн горимоор нөхөн сэргэх чадваргүй болтлоо  доройтсон байна гэсэн дүгнэлт гаргалаа. Тус хүрээлэн БНСУ-ын Байгаль орчны хүрээлэнтэй хамтран Сэлэнгэ мөрний сав нутгийн усны менежментийн загвар боловсруулж үр дүнг 2 боть ном болгон гаргалаа. Газарзүйн хүрээлэн Нагоягийн их сургуультай хамтран “Монгол оронд болсон томоохон газар хөдлөлтийн хагарлуудын геотектоникийн судалгаа” төсөл хэрэгжүүлж, геоморфологийн үйл явцууд, эртний газарзүйн судалгаануудыг явуулсан байна. Японы JAMSTEC–тэй хамтарсан төслийн хүрээнд олон жилийн цэвдгийн судалгааг хамтран хийж,  цэвдгийн температур нь тэг температурд маш ойрхон, градиент ажиглагдахгүй болсон төдийгүй халианы талбайн хэмжээ жилээс жилд багасаж, улмаар зарим өвөлд халиа, дошин үүсэхгүй болсныг тогтоолоо.
Анагаах ухааны академи БНХАУ-ын Анагаах ухааны академийн Эмгэгтөрөгчийн биологийн хүрээлэнтэй анагаах ухааны вирүс, нян судлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргах, манай залуу судлаачдыг сургах чиглэлээр, ХБНГУ-ын Мюнстер хот дахь Вестфалийн Вильхельмийн Их Сургуулийн Молекул Вирүс судлалын хүрээлэнтэй эрдэм судлалын хамтын ажиллагаа хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг томуугийн вирүсийн судалгаанаас эхлэхээр тохиролцож, цааш шинээр болон сэргэн тархаж буй халдварын судалгааг хамтран хийхээр боллоо.
Салбарын байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах болон эрдэм шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх зорилгоор энэ онд  олон улсын хурал, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тухайлбал, Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Төв Ази ба Өмнөд Сибирийн шилжилтийн бүсийн шим мандлын явц дахь экологийн үр дагавар” Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Хотогойдын Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “XVII-XX зууны эхэн үеийн Монголын түүх судлал, Хотогойдын Чингүнжав”, Монголын Нууц Товчоо зохиогдсоны 770 жилийн ойд зориулсан,Түүхийн хүрээлэн ШУА, БНСУ-ын Зүүн хойд Ази судлалын түүхийн фондтой хамтран “Монгол-Солонгосын харилцааны өнгөрсөн ба одоо”, ФСЭХ ОХУ-ын Сибирийн салбарын Философи, эрх зүйн хүрээлэн Монголын Алтай судлалын хүрээлэн, Оросын Нийгмийн шинжлэх ухааны сантай хамтран “Даяаршлын нөхцөл дэх нийгэм улс төрийн үйл явц”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн МХСС, Улаанбаатарын их сургуультай хамтран Академич Ш.Лувсанванданы мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хэл зохиол судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгууллаа.
Монгол орны “Үлэг гүрвэл, тэдгээрийн орчин” сэдэвт үзэсгэлэнг Испани улс, БНХАУ-ын Шанхай хотноо Экспо-2010, ОХУ-ын Улаан –Үүд хотноо  Дэлхийн монголчуудын чуулга уулзалтын үеэр тус тус  гаргаж  Палеонтологийн шинжлэх ухааны ололт амжилтыг дэлхий нийтэд танин мэдүүлж сурталчиллаа.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон эрдэм дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, сэхээтнүүдийн дунд лектори зохион байгуулах үүрэг бүхий “Эрдэм клуб”-ыг байгуулан шинжлэх ухааны судалгаагаар бий болсон үр дүнд тулгуурлан улс орны хөгжлийн бодлогыг боловсруулах, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй зохицуулахад эрдэмтэдийн хүчийг ашиглах, улс төрчид, төрийн захиргааны байгууллагатай эрдэмтэдийг холбох гүүр болох зорилт тавин ажиллаж байна. Одоогоор “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй  хөдөөгийн эрсдэл, ядуурлыг бууруулах үндэсний стратегийн ач холбогдол бүхий арга, техник“  “Монгол Улсын нийгэм-эдийн засгийг тэнхлэгээр хөгжүүлэх тухай“ зэрэг илтгэлүүдийг хэлэлцээд байна.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар  ШУА-ын хүрээлэн, эрдэмтэд туршилт судалгаа явуулан, олон тооны санал санаачлагыг гарган, боловсруулсан төсөл “Утаагүй Улаанбаатар”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдэд тусгагдан хэрэгжиж эхлээд байна. Монгол Улсын дэд бүтцэд суурилсан хөгжлийн бодлого, Төмөр замын тээврийн салбарын хөгжил, Өмнөд  бүсийн эрдэс баялгийн ордууд руу тавих төмөр зам тойрсон  геополитикийн зарим асуудал, Эрдэс баялгийн салбар-эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн хүчин зүйл, Нүүрсний экспорт, баяжуулалт, боловсруулалтын  оновчтой хувилбар, Аж үйлдвэрийн парк байгуулах хийгээд төмөр замыг хаагуур тавих тухай, Усны хангамжийн асуудал, Таван толгойн нүүрсний уурхайгаас  төмөр зам тавих асуудлыг багтаасан санал, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт өргөн барив. Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран төслийн багийг ажиллуулан Улаанбаатар хотод арьс ширний үйлдвэрлэл технологийн парк байгуулах хүрээнд үйлдвэрийн технологийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах төслийг хийж гүйцэтгэлээ.
Манай салбарын эрдэмтдийн бүтээл олон улсын түвшинд үнэлэгдсэн жил байв. Палеонтологийн төвийн захирал, академич Р.Барсболд эртний  амьтан ургамлын  судалгааны олон улсын   хүрээнд   шинэ  чиглэл, үзэл баримтлал   үндэслэн  гаргаж, сээр нуруутны  палеонтологид   онолын  ач  холбогдолтой  томоохон   хувь  нэмэр  оруулсан   эрдэмтэнд  олгодог А.С.Ромер, Ж.Ж.Симпсоны нэрэмжит шагналыг хүртлээ. ШУА-тай олон жил, үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн Оросын ШУА-ийн Сибирийн салбарын дарга, академич А.Л.Асеев, Байгаль ашиглалтын хүрээлэнгийн захирал А.К.Тулохонов, Монгол-Оросын  хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн оросын талын удирдагч П.Д.Гунин нарын 6 эрдэмтнийг “Алтан гадас” одонгоор, түүнчлэн 7 эрдэмтнийг “Найрамдал” медалиар тус тус шагнаж урамшууллаа. Гуравдагч орны (TWAS) академиудын залуу эрдэмтний 2010 оны шагналыг химийн салбарт ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн ЭША доктор А.Минжигмаа, физикийн салбарт ШУА-ийн Физик Технологийн хүрээлэнгийн ажилтан доктор Ч. Содбилэг нар тус тус хүртлээ.