header image
Нүүр хуудас
ГеоЭкологийн хvрээлэн

 

                        ШУА-ИЙН ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА

 1. Хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэл

          Геоэкологийн хүрээлэн нь Монгол орны байгалийн янз бүрийн бүс нутгийн экологийн онцлог, газар, газрын хэвлий, түүний дээрх ой, ус, ургамлын нөөцийн төлөв байдал, тэдгээрийн хувьсал өөрчлөлтийн харилцан шүтэлцээг тодорхойлж аж ахуйн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг урьдчилан судлан тогтоох, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэлийг орчин үеийн шинжлэх ухааны төвшинд боловсруулах, энэ чиглэлээр  судалгаа, шинжилгээ явуулах, туршилт, зураг төслийн ажил эрхлэх  үйл ажиллагаа явуулж  байна.
          “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 1997 оны  31 дүгээр тогтоолын дагуу Газрын бодлогын хүрээлэн, Усны бодлогын хүрээлэн, Ой, ан судлалын хүрээлэнг нэгтгэж ШУА-ийн харьяанд Геоэкологийн хүрээлэнг байгуулсан билээ. Иймд хүрээлэнгийн үйл ажиллагааг 1997 оноос өмнөх, 1997 оноос хойших гэж  2 үе болгон авч үзэх боломжтой.
          Одоо тус хүрээлэн 84 ажиллагсадтай, үүнээс ЭША 57, лаборант 3, захиргаанд 18 хүн, инженер техникийн ажилтан 2, үйлдвэрлэлд ажиллагсад 4  байна. Эрдмийн зэрэг, цолтой 13 ажилтантай, үүнээс шинжлэх ухааны доктор 1,  боловсролын доктор 12, магистр 15 байна.
          Тус хүрээлэн өнгөрсөн хугацаанд  Даян дэлхийн байгаль орчны сан, Дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага, Цөлжилтийн конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон ХБНГУ, БНСУ, Япон, БНХАУ, ОХУ-ын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй холбогдох төслийн хүрээнд хамтран ажиллаж ирлээ.

2. Хүрээлэнгийн зорилго, зорилт

Монгол улсын тогтвортой хөгжлийн стратеги, Монгол улсын төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогод тулгуурлан
Геоэкологийн хүрээлэнгийн үйл ажиллагааны зорилго нь:
“Монгол орны экосистемийн өөрчлөлтийг судлах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр суурь болон хавсарга судалгаа явуулах” болно. 

Геоэкологийн хүрээлэнгийн үйл ажиллагааны цаашдын зорилтууд: 
а) Газар, ус, ойн нөөц баялгийн төлөв байдал, үүсэн бүрэлдэх зүй тогтол, хувьсал өөрчлөлт, тэдгээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах;

б) Тариалангийн атаршсан болон бэлчээрийн талхлагдсан газрыг нөхөн сэргээх, доройтсон орчныг нөхөн сэргээх  туршилт, судалгаа явуулах;

в) Газар, ус болон ойн нөөц баялгийн экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулах, усан орчныг бохирдлоос хамгаалах, ус, хөрсний чанарыг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах;

г) Биологийн төрөл зүйлийг хамгаалах, түүний дотор гол мөрний экосистемийг хамгаалах, усны амьтан ургамлын төрөл зүйлийг өсгөн үржүүлэх хамгаалах судалгаа явуулах;

д) Уур амьсгалын өөрчлөлт, ган зуд, цөлжилт, үерийн улмаас экологид учрах хөнөөлийг тооцох, үнэлэх судалгааг явуулах болон дендроэкологийн судалгааны цэгүүдийг Хангай, Хэнтийн ой ургамшлын мужид байгуулж ажиллах;

е) Экологийн урт хугацааны судалгааг байгалийн янз бүрийн бүс, бүслүүрүүдэд  төлөөлүүлэн явуулах, экологи-ландшафтын судалгаанд суурилж байгаль хамгааллын зураглал зохиох, экосистемийн бүрдэл хэсгүүдийн харилцан үйлчлэлийн чиглэлээр суурь судалгааг явуулах;

ё) Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд нийцүүлэн бэлчээрийн газрын ашиглалтыг сайжруулах, усалгаатай тариалан эрхлэх, уст цэгийн ашиглалтыг сайжруулах, хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр туршилт судалгаа явуулах, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх;

3. Хэвлэн нийтлүүлсэн бүтээлүүд

          Тус хүрээлэн 1997  оноос өмнөх үед дараах суурь судалгааны томоохон бүтээлүүд туурвисан байна. Үүнд:
1. БНМАУ-ын усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах ерөнхий схем. (5 боть орос хэлээр) // Усны хайгуул төсөл эрдэм шинжилгээний институт, хамтын бүтээл. 1975. Будапешт. 22.25 х.х.,
2. Хэрлэн голын сав нутгийн усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах сав нутгийн схем. (2 боть) //УХТЭШИ ,  хамтын бүтээл.  УБ.,1980. 62.0 х.х.
3. Региональная схема комплексного использования и охраны водных ресурсов бассейна котловины больших озер. (в 3-х томах) //УХТЭШИ /,. УБ.,1983. 42.0 х.х.
4. Региональная схема комплексного использования и охраны водных ресурсов бассейна малых рек северной части гобийской зоны. (в 3-х томах) //УХТЭШИ/, УБ., 1988. 31.75 х.х.
5. Региональная схема комплексного использования и охраны водных ресурсов бассейна р.Сэлэнга. (в 3-х томах) //УХТЭШИ /, хамтын бүтээл. УБ.,1986. 33.0 х.х.
6. Содном М. нар. Мал сүргийн ус хэрэглээний норм, услах горим. УБ.,1982. 1.0 х.х.
7. Базарсад Ч. Ойжуулалт.-Хэвлэлийн “Сүхбаатар” компани, Улаанбаатар, 1994, - 128х.
8. БНМАУ- ойн нөөц, нөхөн сэргээх асуудал.-БОХЯ-ны “Фото офсет” хэвлэлийн газар, Улаанбаатар, 1989,-293 х.
9. Чогдон Ж.Обводнение пастбищ  (на примере МНР). 1980.М., 20х.х.
10. Монгол орны ойн баялаг, түүний ашиглалт. – Ой, агнуурын үйлдвэрлэл шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн хэвлэх үйлдвэр, Улаанбаатар, 1978, - 156х.
11. Дашзэвэг Ц., Дугаржав Ч., Отгонбат Х. Шинэсэн ойг нөхөн сэргээх агротехник. – УХГ, Улаанбаатар, 1984, - 112х.
12. Ойжуулалт, ой хамгааллын зарим ажлын аргачлал, зөвлөмж, технологи, ¹1, Ус, цаг уур, ой, агнуурын эрдэм шинжилгээний институт, БОХЯ – ны хэвлэх үйлдвэр, Улаанбаатар, 1988, - 144х.
13. Ойжуулалт, ой хамгааллын зарим ажлын аргачлал, зөвлөмж, технологи, ¹2, Ус, цаг уур, ой, агнуурын эрдэм шинжилгээний институт, БОХЯ – ны хэвлэх үйлдвэр, Улаанбаатар, 1989, - 132х.
14. Ойжуулалт, ой хамгааллын зарим ажлын аргачлал, зөвлөмж, технологи, ¹3, ШУА, Ой, ан нэгтгэл,  БОХУХ – ны хэвлэлийн газар, Улаанбаатар, 1990, - 184х.
15. Жалбаа Х., Энхсайхан Д. Заг.–хэвлэлийн “Эрдэм” пүүс, Улаанбаатар, 1991, - 104х.

          1997 оноос хойших өнгөрсөн 7 жилд тус хүрээлэн эмхлэн зохион байгуулагдаж хүний үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчин, экологид гарч буй өөрчлөлт, түүнээс хамгаалах арга хэмжээг боловсруулах чиглэлээр голлон ажиллаж ирлээ. Энэ хугацаанд дараах суурь судалгааны томоохон бүтээлүүд туурвисан байна. 
Үүнд:
1. Монгол орны ойн бодлогын тулгамдсан асуудлууд сэдэвт үндэсний семинарын илтгэлүүдийн эмхтгэл. –“Мөнхийн үсэг” ХХ компанийн хэвлэх үйлдвэр, Улаанбаатар, 1997, -72х
2. Адъяа Б. Өрхийн тариаланчдад тусламж. УБ.;1998, 10 х.х.
3. Даш Д. Монгол орны ландшафт-экологийн зарим асуудлууд. УБ., “Урлах эрдэм” ХГ.2000. 254 х.
4. Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл ¹1, “Урлах эрдэм” хэвлэлийн газар, Улаанбаатар, 2000, - 246х.
5. Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл ¹ 2, “Мөнхийн үсэг” ХХКомпаний хэвлэх үйлдэр, Улаанбаатар, 2001, - 298х.
6. Даш Д. Их Нууруудын хотгорын элсэн хуримтлалын ландшафт, байгаль хамгааллын суудал. УБ.; “Мөнхийн үсэг” ХХК, 2001.
7. Монгол орны ойг нөхөн сэргээх, хамгаалах заавар, зөвлөмж. – ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, “Бар принт” хэвлэлийн газар, Улаанбаатар, 2001, - 166х.
8. ”Байгаль орчны хувьсал өөрчлөлтийн судалгаа” сэдэвт семинарын илтгэлүүдийн эмхэтгэл, ШУА-ийн мэдээ сэтгүүл, ¹3, 2001
9. С.Чулуунхуяг. “Ундны болон үйлдвэрийн технологийн хэрэгцээний усны чанарыг сайжруулах, төмөргүйжүүлэх технологи”(5.6 х. х.), УБ, 2001
10. Монгол орны газарзүйн зарим асуудлууд (Академич Ш.Цэгмидийн бүтээлээс). УБ.; “Бит сервис” ХХК. 2002.13 х.х.
11. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ: үнэлгээ, өргөжүүлэх асуудал. (хамтын бүтээл) УБ., ДБОХС. 2002.
12. Цагаан ном (Монгол орны байгаль орчин). – “Цогт принт” хэвлэх үйлдвэр, Улаанбаатар, 2002. – 249х.
13. Аваадорж Д., Баттулга О. Хөрс судлалд хөтлөхүй. Сурах бичиг, УБ 2002. 8.6 х.х.
14. Монгол орны геоэкологийн асуудал, ¹3, УБ, 2003 он
15. “Цөлжилт ба Замын үүдийн туршлага”(3.0 х.х.), УБ, 2003
16. “Хуурай бүс нутгийн цөлжилтийг сааруулах боломж, менежментийн зарим асуудал” (9.5 х.х.),  УБ, 2003
17. “Монгол орны тоорой, жигд, сухай” (3.2 х.х.), УБ, 2003
18. Д.Аваадорж “Хөрс судлалын дадлага”  8.6.х.х сурах бичиг, УБ, 2003
19. Х.Жалбаа “Өвөр Монгол орны элсжилт ба түүнийг зогсоох арга, туршлага” , УБ, 2003
20. Я.Баасандорж “Ветровая эрозия почвы пахотных земель Монголии” Автореферат диссертации на соискание ученой степени доктора философии /сельское хозяйство/ 2002 он 12-р сар
21. Н.Цагаанцоож . “Якобсоны төөлүүр эрвээхэйн биологи, экологи”  сэдэвт  докторын зэрэг горилсон бүтээл , УБ, 2003
22. А.Отгонсүрэн “Дорнод Монголын дагуур огдойн нөлөө, түүний тархалт” Биологийн ухааны магистрын зэрэг горилж бичсэн бүтээлийн хураангуй, УБ,  2002 он 6-р сар
23. М. Хишигжаргал. Баруун Хэнтийн таримал өсвөр нарсны өсөлтийн онцлог. – Биологийн ухааны магистрын зэрэг горилж бичсэн бүтээлийн хураангуй, УБ, 2002, - 28х.
24. Р.Баттулга  “Байгалийн залуу шинэсэн ойн бүтэц, өсөлтийн зарим онцлог” сэдэвт магистрын бүтээл
25. Д.Төмөрсүх “Бохир ус цэвэрлэгээний чанар голын усанд нөлөөлөх нь” сэдэвт магистын бүтээл
26. Ж.Амгалан “Хажуугийн ус халиагуурын гидравлик тооцоо”  сэдэвт магистрын бүтээл

4. Боловсруулсан норм, норматив,  технологийн заавар,  зөвлөмж

1. Д.Аваадорж, Я.Баасандорж “Атаршсан газрын хөрс ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх норм норматив” 2002 оны 5-р сар БОЯ-ны сайдын зөвлөлөөр баталсан
2. “Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн газрын доорхи усны нөөц, чанар, ордуудын байршлын зүй тогтол” бодлогын зөвлөмж
3. Жаргалантын услалтын системийг түшиглүүлэн фермерийн аж ахуй хөгжүүлэх зураг төсөл
4. Томоохон суваг, усан сангууд дээр бага чадлын УЦС барьж ашиглах төсөл /Хархираагийн услалтын систем/,
5. Усалгаатай тариалангийн чиглэлээр баригдсан томоохон усан сангуудад загас үржүүлэх зөвлөмж /Жаргалантын усан сан/
6. Томоохон усан сангуудыг усан аялал, жуулчлалд ашиглах тэдгээрийг түшиглэн амралт, жуулчны бааз, наран шарлагын газар байгуулах үндэслэл /Жаргалантын усан сан/
7. Онгон, Молцог элсний ландшафтыг сэргээх, ургамалжуулах арга технологи
8. Доройтсон баянбүрд, нуур, булаг шандыг сэргээх технологи
9. Говь, хээрийн бүсийн мод үржүүлгийн газрын сүлжээний нэгдсэн схем, мод үржүүлгийн газрын технологийн заавар
10. Өөрчлөгдөлд орсон ойн экологийн үнэлгээ, нөхөн сэргээх үндэслэл, зөвлөмж.
11. Хээрийн бүсийн нөхцөлд ногоон шүхэр, ногоон хүрээ, ногоон хаалт байгуулах арга
12. Якобсоны төөлүүр эрвээхэйн биологи, экологи, тэмцэх арга хэмжээний үндэслэл” зөвлөмж
13. “Шилмүүст модны үр бэлтгэх ой тусгаарлах, тарьц ургуулах, ойжуулах агротехник, технологи” зөвлөмж
14. Модлогийн хөнөөлт  шавжны тоо, толгойг бууруулахад урхи, мод, цавуут бүс хэрэглэх заавар”
15. Нарны эрчим хүч ашиглаж худгаас ус татах төхөөрөмжийн технологийн зураг,  заавар
16.  N=10-15kW хүчин чадалтай бага түрэлтийн УЦС-ын зураг, төсөл

5. Одоо хэрэгжүүлж буй суурь судалгааны сэдэвт ажлууд болон шинжлэх ухаан, технологийн төслүүд

Тус хүрээлэн суурь судалгааны 5 сэдэвт ажил  хэрэгжүүлж  байна. Үүнд:
• “Ойг хамгаалах, нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл” сэдэвт ажил, 2004-2006 он
• “Бэлчээрийн газрын хөрсний физик шинж чанарын өөрчлөлт ба бэлчээрийн газрын доройтол” сэдэвт ажил, 2004-2006 он
• “Монгол орны цөлжилтийн динамик, түүний хандлага” сэдэвт ажил , 2004-2006
• “Томоохон сав газруудын усны нөөцийн үнэлгээ, усны орчны экологийн судалгаа” сэдэвт ажил, 2005-2007
• “Монгол орны ландшафтын ангилал, үндсэн шинж, зураглал” сэдэвт ажил, 2005-2007

6. Хэрэгжүүлж дууссан шинжлэх ухаан, технологийн төслүүд болон суурь судалгааны сэдэвт ажлууд

Тус хүрээлэн өнгөрсөн 3 жилд БОЯ-ны захиалгат 3, ХХААЯ-ны захиалгат 1, Дэд бүтцийн яамны захиалгат 1 төсөл, бүгд шинжлэх ухаан, технологийн 5  төслийг  хэрэгжүүлж  үр дүнг захиалагч байгууллагад шилжүүлээд байна. Үүнд:
• “Ойн экосистемийн өөрчлөгдөл,түүнээс хамгаалах, нөхөн сэргээх, тарьц ургуулах ажлыг механикжуулах техник технологи” төсөл, 2001-2003 он
• “Ган, зуд, байгалийн гамшгийг багасгах зорилгоор ногоон хүрээ, ногоон шүхэр, ногоон хаалт байгуулах шинжлэх ухааны үндэслэл” төсөл,  2001–2003 он
• “Говь, хээрийн бүсийн цөлжилтийг сааруулах шинжлэх ухаан, технологийн үндэслэл” төсөл, 2001–2003 он
• “Томоохон усан сан, суваг ба орон нутгийн хөгжил” төсөл, 2001–2003 он
• “Бага түрэлтийн  усан цахилгаан станцын судалгаа, туршилт” төсөл, 2002-2003 он
• “Малчны усан хангамж” шинжлэх ухаан, технологийн төсөл, 2001–2004 он
• “Монгол орны усны нөөц, түүний экологийг судлах, хамгаалах иж бүрэн судалгаа” сэдэвт ажил, 2001-2004 он
• “Экологийн загварчлал” сэдэвт ажил, 2002-2004 он

7. Судалгааны үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх чиглэлээр

          Тус хүрээлэн Монгол улсын Их хурлын захиалгаар “Уул уурхай, ашигт малтмалын үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийн судалгаа”, “Монгол орны урсгал усны эх үүсвэрийг газар тариаланд ашиглах боломжийг судлах”, “Монгол орны экологийн тэнцвэрт байдлын судалгаа”, “Монгол орны газрын чанарын ба эдийн засгийн үнэлгээний шинэчилсэн судалгаа” сэдэвт  даалгаварт ажлуудыг эхлэн гүйцэтгэж байна.
       Мөн захиалагч байгууллагын хүсэлтээр алтны олборлолттой холбоотойгоор голын гольдролын зарим хэсгийг шулуутгах зураг төсөл, нөхөн сэргээх арга хэмжээний үндэслэл, бохирдлын судалгаа, зарим нуурын агнуурын загасны нөөц тогтоох, экологийн үнэлгээ хийх чиглэлээр    аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж ирлээ. Тухайлбал: Өлөнт-Цамхаг, Могойн гол, Хүйтний   голын  хэсгийг шулуутгах зураг төсөл, нөхөн сэргээх арга хэмжээний үндэслэл боловсруулах, Өгий нуур,Тэрхийн цагаан нуурын экологийн үнэлгээ хийх, “Туул голын бохирдлыг судлах”, Бойр нуурын агнуурын загасны нөөц тогтоох   асуудлаар аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж үр дүнг захиалагчид   хүлээлгэн өгч Төв аймгийн Аюушийн ам, Говь-Алтай аймгийн Ёлтонгийн услалтын системийн шинэчлэлийн зураг төслийг боловсруулав.
          Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд атаршсан газрын хөрс,  ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх,  доройтсон баянбүрд, нуур, булаг шандыг сэргээх, газрын доорхи усыг зохистой ашиглах, нар, салхины эрчим хүч ашиглаж худгаас ус татах төхөөрөмж байгуулах, уулын голуудад бага түрэлтийн усан цахилгаан станц байгуулах, томоохон суваг, усан сангууд дээр бага чадлын УЦС барьж ашиглах, услалтын системийг түшиглүүлэн фермерийн аж ахуй хөгжүүлэх, усалгаатай тариалангийн чиглэлээр баригдсан томоохон усан сангуудад загас үржүүлэх, томоохон усан сангуудыг усан аялал, жуулчлалд ашиглах тэдгээрийг түшиглэн амралт, жуулчны бааз, наран шарлагын газар байгуулах, бороо, цасны усыг боон хөв байгуулж ашиглах, элсний ландшафтыг сэргээх, ургамалжуулах, өөрчлөгдөлд орсон ойг нөхөн сэргээх, шилмүүст модны үр бэлтгэх ой тусгаарлах, тарьц ургуулах, ойжуулах,  хээрийн бүсийн нөхцөлд ногоон шүхэр, ногоон хүрээ, ногоон хаалт байгуулах, говь, хээрийн бүсэд мод үржүүлгийн газрын сүлжээ, мод үржүүлгийн газар байгуулах, модлогийн хөнөөлт  шавжны тоо, толгойг бууруулахад урхи, мод, цавуут бүс хэрэглэх, якобсоны төөлүүр эрвээхэйн олшролтой тэмцэх зэрэг байгаль экологийн тулгамдсан олон асуудлаар арга хэмжээний үндэслэл, технологийн зураг,  заавар, зөвлөмж  боловсруулж захиалагч яамд, хэрэглэгчдэд шилжүүлээд байна.


                                                        Товч танилцуулга бичсэн
               Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Д.Даш

           Геоэкологийн хүрээлэнгээс сансар судлалд оруулсан хувь нэмэр

          ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн ой зохион байгуулалт, тариалангийн газрын төлөв байдал, голын гольдролын өөрчлөлт, ландшафтын бүтэц, цөлжилт, экосистемийн төлөв зэрэг байгаль орчны өөрчлөлт, байгалийн нөөцийн судалгаанд сансрын хиймэл дагуулын мэдээллийг өргөн ашиглаж байна. Ялангуяа хиймэл дагуулын мэдээлэл нь зайнаас тандан судлах орчин үеийн дэвшилтэт судалгааны арга болохын хувьд цаг хугацаа, хүн хүч хэмнэсэн, нарийвчлал сайтай, үнэн зөв мэдээлэл болдгийн хувьд эрэлт хэрэгцээ ихтэй байна.
          Хиймэл дагуулын мэдээллийг ашиглах явцад 2 томоохон үе шатыг дамжсан гэж болно. 1981-1990 оны хооронд сансрын Салют станц, Союз хөлгөөс  МКФ фотоаппаратаар авсан сансрын хар цагаан гэрэл зургийг ашиглан төрөл бүрийн сэдэвчилсэн зургуудыг зохиосон билээ. Үүний нэг тод жишээ бол монгол-зөвлөлтийн эрдэмтэд, мэргэжилтнүүд сансрын зураг ашиглан монгол орны 1:1000000 масштабын сэдэвчилсэн 9 сери зургийг зохиосон явдал юм. Мөн  1990 онд хэвлэгдсэн Монгол улсын Үндэсний атласд орсон байгалийн мужлал, ландшафт, хөрс, ургамалжилтын зургуудыг зохиоход сансрын зургийг тодорхой хэмжээгээр ашиглажээ.
          Мөн 1985-1997 онуудад Монгол орны гидрогеологийн 1:1000000, 1:500000 масштабын зургууд зохиоход сансрын болон агаарын зургуудыг өргөн ашигласан. Энэ хугацаанд Сүхбаатар аймгийн Шохойтын хөндийн газрын доорхи усны ордыг болон Дорноговийн Цагаан цавын газрын доорхи усны орд цагираг хэлбэрийн биеттэй холбоотой болохыг сансрын зургаас тогтоож байв.
          1990 оноос одоог хүртэлх үед хиймэл дагуулын мэдээг тоон хэлбэрээр авч төрөл бүрийн судалгаанд ашиглах, түүнийг компьютерийн техникийн тусламжаар төрөл бүрийн программ хангамж ашиглан боловсруулах болсон явдал юм. Энэ хугацаанд хиймэл дагуулын мэдээллийг байгаль орчны өөрчлөлт, динамикийг судлахад илүү өргөн хүрээтэй ашиглаж байна.
          Геоэкологийн хүрээлэнгээс 2001-2003 онд “Ой зохион байгуулалтын ажилд сансрын мэдээлэл ашиглах, таксацийн үзүүлэлтүүдийн хамаарлыг тогтоох, ойн мэдээллийн сан бүрдүүлэх арга технологи боловсруулах судалгааг явуулав. Судалгааны ажлын суурь болох  сансрын зургийг сонгож тогтоохын тулд LANDSAT, NOAA, SPOT хиймэл дагуулын зураг  мэдээнээс сансрын зургийн он, сар, ямар улиралд авагдсан байдал, үүлгүй байх, өнгөний ялгарал, фокус сайн байх, ойн төрөл ялгагдаж байх зэрэг нөхцлүүдийг харгалзан үзэж ойн судалгаанд LANDSAT-ын мэдээг тохиромжтой гэж үзжээ.
          Ойн бүртгэл, тооллогын ажилд сансрын зураг ашиглах нь ойн зохион байгуулалтын орчин үеийн дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхэд чухал алхам болж байна. Монгол орны байгаль, уур амьсгал, газар зүйн байдлаас шалтгаалан газар бүрд ойн үзүүлэлтүүд болон тэдгээрийн хоорондын хамаарал харилцан адилгүй байдаг. Иймээс хэмжилт тооллогыг олон дахин хийх, түүнийг батлах зэрэг олон тулгамдсан асуудлууд байгаа тул энэ чиглэлийн судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай юм. 
           Монгол орны хувьд  газар нутгийн  70 хувь нь цөлжих магадлал өндөртэй үүнээс 40 хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжөөд байна. Иймд газар нутгийн хувьд томоохон хэмжээнд тархаж буй байгалийн энэхүү үйл явцыг дан ганц газрын хайгуул судалгаагаар хийх боломжгүй юм. Иймээс 2000 оноос хойш цөлжилтийн судалгаанд зайнаас тандах аргыг хэрэглэж ирсэн бөгөөд энэ хугацаанд NOAA, Landsat хиймэл дагуулуудын зурган мэдээлэлд тайлал хийн газрын бүрхэвчийн ангилал, өөрчлөлтийг тодорхойлох  ажлуудыг хийж эхэлсэн юм.
          2004 оноос ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн Судалгааны Төв Монгол орны цөлжилтийн төлөв байдлыг үнэлж зураглах ажлыг БОЯ-ны харъяа Мэдээлэл Тооцооллын Төвтэй хамтран NOAA хиймэл дагуулын мэдээнд үндэслэн  хийж цөлжилтийн өнөөгийн төлөв байдлын зургийн эх хувилбарыг бэлтгээд байна. Мөн Өмнөговь аймгийн Булган сумын хэмжээнд Landsat хиймэл дагуулын мэдээг ашиглан цөлжилтийн төлвийг үнэлэх оролдлого хийсэн нь цаашид энэ төрлийн мэдээг орон нутаг, бүс нутгийн хэмжээнд ашиглах бүрэн боломжтойг баталсан юм.
          Цаашид  цөлжилтийн үнэлгээг аймаг, сумдын  хүрээнд авч хэрэгжүүлэх үүднээс LANDSAT, IKONOS, ASTER зэрэг том масштабын сансрын зурган мэдээлэл ашиглах зорилтыг тавин ажиллаж байна.

          Тус хүрээлэнгээс Туул голын голдирлын хэлбэрзүйн байгалийн горимын өөрчлөгдсөн өөрчлөлт, алтны уурхайн зориулалтаар өөрчилсөн голын голдирол, түүний экологит гарсан өөрчлөлт зэргийг судлахдаа 1963, 1978 оны 1:32 000 хураангуйлал бүхий агаарын зураг болон М1:100 000 хураангуйлал бүхий 1989, 2000 оны сансрын зураг /LANDSAT дагуулын MSS, ТМ мэдээ/  зэрэг өөр өөр хугацаанд авсан агаарын болон сансрын зургийг ашиглан харьцуулах замаар тодорхойлох ажлыг гүйцэтгэв.  Эндээс харахад сансрын зураг мэдээлэл нь голын гольдролын өөрчлөлийг судлах, үнэлгээ өгөх, зураглахад өргөн ашиглаж болох нь тогтоогдов.
          Тус хүрээлэн 2002 оноос эхлэн Дэлхийн Банк, Даян Дэлхийн Байгаль Орчныг Хамгаалах Сангийн санжүүжилт бүхий “Хөвсгөл нуурын биологийн хомсдол, цэвдгийн гэсэлтийн динамикийг судлах” сэдэвт олон улсын төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд  Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалтын тодорхой хэлбэр нь  биологийн төрөл зүйлийн хомсдол, цэвдгийн гэсэлтэнд  хэрхэн  нөлөөлөхийг судлах зорилгоор Хөвсгөл нуурын зүүн эргийн дагуух нутгийг сонгон авсан юм. Тус төслийн олон зорилтот судалгааны дотор экосистемийн төлөв байдлыг судлах, зураглахад сансрын хиймэл дагуулын мэдээлэл ашиглах асуудал гол байр эзэлж байна. Энэ дагуу  тус судалгаанд LANDSAT хиймэл дагуулын 2000 оны 6 сарын 28-ны өдрийн 30м-ийн нарийвчлалтай 7 сувгийн ТМ мэдээ, ASTER хиймэл дагуулын 2001 оны 8 сарын 27-ны өдрийн 15м-ийн нарийвчлалтай 14 сувгийн мэдээг ашигласан байна. Дээрх мэдээллийг ашиглан гадаргын өндөршил, хөрсний чийгшил, ойн өтгөрөл, ургамалжилт, хортон шавьж, цэвдгийн тархалтын зургийг  зохиож мэдээллийн санд оруулсан бөгөөд цаашид ГМС-ийг ашиглан байгаль орчны өөрчлөлтийг хянах боломжтой болох юм.

           Судалгааны өнөөгийн шатанд мэргэжилтэн бэлтгэх, сансрын мэдээллийг ашиглах техник хангамжийг сайжруулах зэрэг асуудлууд тулгарч байна. Иймд Шинжлэх Ухааны Академийн харъяа ижил төстэй судалгааг хэрэгжүүлдэг хүрээлэн албан нэгжүүд өөр хоорондоо уялдаа холбоотой ажиллах хамтын ажиллагааны таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай байна.