header image
Нүүр хуудас
Геологи, эрдэс баялагийн хvрээлэн

1. Түүхэн замнал

1997 оноос үйл ажиллагаагаа шинээр эхэлсэн ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн эх суурь нь 1966 онд МАХН-ын Улс Төрийн товчооны 113 дугаар тогтоолоор байгуулагдсан БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академи, Геологийн яамны харьяа Геологийн хүрээлэн юм. Байгуулагдсанаас хойшхи 40 гаруй жилийн хугацаанд бүтэц зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлтүүд хийгдсэн байна. Үүнд:

1966 - ГУУҮЯ ба ШУА-ийн харьяа Геологийн хүрээлэн

1972 - ШУА-ийн харьяа Геологийн хүрээлэн

1997– МУТИС-ийн харьяа Геологи, эрдэс баялгийн хүрээлэн

1997 – ШУА-ийн харьяа Геологи, эрдэс баялгийн хүрээлэн

Хүрээлэн байгуулагдсан эхний жилүүдэд БНМАУ-ын нутаг дэвсгэрийн дэлхийн царцдас бүрэлдэн тогтох процессийг танин мэдэх, гол гол ашигт малтмалын байршлын зүй тогтолыг илрүүлэхэд чиглэгдсэн стратиграфи, палеонтологи, магматизм, тектоник ба минерагенийн судалгааг иж бүрнээр явуулах, дээрхи судалгааны чиглэлүүдээр үндэсний судлаачдыг бэлтгэх зорилго, зорилтууд тулгасан байдаг. Эдгээр зорилго зорилтуудыг хэрэгжүүлэхэд 1968 оноос тус хүрээлэнг түшиглэн ажиллаж эхэлсэн Монгол-Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедици ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс тус хүрээлэнгийн 1990 он хүртэлх түүхэн замналыг энэ экспедицийн үйл ажиллагаа, амжилт ололттой хамтад нь авч үздэг.

ГЭБХ нь тектоник, геодинамик, маагмын болон тунамал чулуулгийн петрологи, эртний уур амьсгал, металлогений зэрэг Дэлхийн шинжлэх ухааны олон салбар чиглэлүүдийг хамарсан судалгааг явуулдаг шинжлэх ухааны байгууллага юм.

Тус хүрээлэн нь эрдэм шинжилгээ, судалгааны 2 сектор, Захиргаа аж ахуйн хэсэг-нийт 3 үндсэн нэгжтэй. Геодинамикийн болон Мезо-кайнозойн геологийн хэмээх эрдэм шинжилгээ, судалгааны 2 секторын хүрээнд “Петрологийн лаборатори”, “Мэдээлэл, зураг зүйн лаборатори”, “Хөвсгөлийн судалгааны төв” зэрэг 3 дэд нэгж үйл ажиллагаагаа явуулдаг бол Захиргаа аж ахуйн хэсэг нь Бичиг хэрэг, Санхүү, аж ахуй, Номын сан, фондыг өөртөө нэгтгэдэг юм. Түүнчлэн хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалтын хүрээнд тус тусын хамрах асуудлаар хамтын удирдлагын (Эрдмийн болон Захиргааны ) 2 зөвлөл ажилладаг.

Одоо тус хүрээлэнд академич, шинжлэх ухааны доктор 1, боловсролын доктор 7, эрдэм шинжилгээний ажилтнууд 20, захиргаа аж ахуйн ажилтан 7 тус тус ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд тус хүрээлэн дээр Шинжлэх Ухаан Технологийн сан, Үйлдвэр Худалдааны Яамны хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх газраас тус тус санхүүжигдсэн суурь болон хавсрага судалгааны сэдэв, төслүүд хэрэгжсэний үр дүнд хэд хэдэн чухал үр дүнд хүрээд байна.

2. Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  1. Монгол орны тектоник, магматизм, хувирмал бүрдлийн судалгааг шинэ төвшинд гаргах
  2. Aшигт малтмалын прогнозчил, ордуудын эрэл, хайгуулын ажлыг явуулах шинжлэх ухааны үндэслэл мөн эрдэс баялгийн тухай цогц мэдээллийг бий болгох
  3. Монгол орны мезо-кайнозойн геологи, ашигт малтмалын судалгааг өргөжүүлэх

Хаяг: ШУА-ийн ГЭБХ,
Улаанбаатар-51, Баянзүрх дүүрэг,
Энхтайваны өргөн чөлөө-63, Ш.Х.118
Утас/  Факс: 976-11-3-457858
E-mail: igmr@magicnet.mn
 

  • Холбоо тогтоох хүмүүс  ( 2 items )
  • Гадаад хамтын ажиллагаа  ( 6 items )
  • Судалгаа, шинжилгээний ажил  ( 3 items )

    ХҮРЭЭЛЭНГИЙН ГОЛ БҮТЭЭЛҮҮД:

    - Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний цуврал бүтээл. №1-16 (1971-2006)

    - БНМАУ-ын ШУА, ЗСБНХУ-ын ШУА-ийн Монгол-Зөвлөлтийн Геологийн хамтарсан экспедицийн цуврал бүтээл. №1-57 (1971-1995)

    - Геологийн нэр томъёоны товч тайлбар. 1966

    - Улаанбаатарын чичирхийллийн мужлал. 1971

    - БНМАУ-ын Геологи. 3 боть зохиол. 1973

    - Монголын Прокембри. 1991

    - Монголын Дээд палеозой. 1976

    - Монголын Триас. 1986

    - Өрнөд Монголын геологи. 1980

    - Монголын ховор металлт боржингууд. 1971

    - Төв Монголын вулкан-плутон эвшлүүд. 1991

    - БНМАУ-ын Геологийн зураг. М-б 1:1500000, 1972

    - БНМАУ-ын Ашигт малтмалын зураг. М-б 1:1500000, 1967

    - БНМАУ-ын Тектоникийн зураг. М-б 1:1500000, 1978

    - БНМАУ-ын Мезозойн ба Кайнозойн тектоникийн зураг. М-Б 1:1500000, 1979

    - БНМАУ-ын Геологийн формацийн зураг. 1:1500000. 1989

    - БНМАУ-ын Үндэсний Атлас. Геологийн сэдэвчилсэн зургууд. М-б 1:3000000. 1990 он

    - Монгол Алтайн геологийн зураг. М:б 1:500000, 1978

    - Умарт Монголын геологийн зураг. М-б 1:500000, 1987

    - Хангайн геологийн зураг. М-б 1:500000, 1992

    - Монгол Улсын Геологийн зураг. М-б 1:1000000, 1999

    - Монгол улсын тектоникийн зураг. М-б 1:1000000, 2002

    НЭЭЛТ, ГОЛ ОЛОЛТУУДЫН ТОВЧООН:

    - Ховор металт боржин дотор ховор элементүүд ба хөнгөн цагааны ялгарах, хуримтлах геохимийн үзэгдэл”-ийг нээж Монгол Улсын Шинжлэх Ухааны анхны нээлтээр бүртгүүлсэн (1985 он. Улсын бүртгэлийн дугаар 87/001, Диплом №1).

    - Завхан, Баянхонгор, Эг-Үүрийн бүсүүдийн хожуу прокембрий-түрүү кембрий, Монгол Алтайн палеозой, Орхон-Сэлэнгэ, Умарт говь, Ноёны хотгоруудад дээд палеозой-доод мезозой, Сайхан-Овоогийн хотгорын юр, Нуурын хөндийн мезо-кайнозойн хурдсын давхрагазүй, формацийн болон бүс нутгийн харьцуулалтын схемүүдийг дэвшүүлсэн.

    - Монголын Геологи судлалд плейт-тектоникийн онол, арга зүйг нэвтрүүлэх замаар Монгол орны тектоник мужлалтын шинэ схемүүд, түүнчлэн Нуур, Эг-Үүрийн арлан нумын террейнүүдийн геодинамик хөгжлийн загваруудыг тус тус дэвшүүлсэн.

    - Монгол орны офиолит эвшлүүдийг геологийн нас, хувирлын зэрэглэл болон зүсэлтийн төрлөөр ангилан ялгаж, эртний далайн царцдасын үлдэгдлүүд болохыг нь баталсан.

    - Говийн Онч Ууланд Монголд анхны метаморф цөм бүрдлийг илрүүлсэн.

    - Монгол орны 250 гаруй идэвхт хагарлын зураг, бүртгэлийг гаргаж Олон Улсын бүртгэлд оруулсан.

    - Монгол Улсын анхны 1:1000000-ын масштабын геологийн ба тектоникийн зургуудыг зохиож монгол, англи хувилбаруудаар хэвлүүлсэн.

    - Орхон-Сэлэнгэ, Хантайшир, Чандмань, Бууцагааны давхацмал хотгоруудын пермийн вулкан-плутон эвшлүүдийн геологи, петрологи-геохимийн цогцолбор судалгааг гүйцэтгэж, гарал үүслийг нь илрүүлсэн.

    - Эрдэнэтийн Овооны зэс-молибдены хүдрийн орд тус бүртээ гидротермал хүдэржилтийг төрүүлсэн 5 үе шатны порфир биетүүдээр үүссэнийг харуулсан анхны загварыг дэвшүүлсэн.

    - Зэс-порфир, зэс-алтны хүдэржилт бүхий Баянуулын ордын геологи-геохимийн онцлох шинжийг нарийвчлан тогтоосон.

    - Монгол орны хувьд шинэлэг болох эртний уур амьсгал, байгаль орчны өрчлөлтийн дагнасан судалгааг эхлүүлсэн нь эдүүгээ 6 дахь жилдээ амжилттай хөгжиж байна.

    - Монгол орны геодинамикийн зургийн эх загварыг зохиож “Зүүн Хойд Азийн геодинамикийн 1:5000000-ын масштабын зураг”-т тусгуулав.