header image
Нүүр хуудас
Тvvхийн хvрээлэн

    

     1924 онд Судар бичгийн хүрээлэнд түүхийн кабинет, орон нутгийг судлах музей, 1930онд орон нутгийг судлах тасгийг нэмэн байгуулсан нь өнөөгийн Түүхийн хүрээлэнгийн анхдагч үндэс болжээ.

     БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 12-р сарын 20-ны өдрийн шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнг  Шинжлэх ухааны хүрээлэн болгож өөрчлөж, түүхийн тасгийг 1935 онд Түүхийн кабинет болгон өргөтгөсөн нь монголын түүхийн судалгааны хөгжилд нэгэн шинэ алхам болжээ.

     Шинээр байгуулагдсан түүхийн тасагт манай хуучны ахмад түүхчид С.Жамъян, Ч.Бат-Очир, Ж.Цэвээн, Б.Цэвээндорж, Б.Дорж, Б.Буянчуулган, Л.Дэндэв, Д.Нацагдорж ,Дэмчигдорж, Ш.Дамдин зэрэг хүмүүс ажиллаж байв.Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан түүхийн кабинет нь  хуучны данс харааг олох, бүртгэж авах, цуглуулах, түүхийн дурсгалыг хамгаалах, монголын талаар гадаадын эрдэмтдийн туурвисан бүтээлүүдийг орчуулах зэрэг ажлуудыг хийжээ. Мөн Оросын эрдэмтдийн шууд удирдлага дор археологи-этнографийн хайгуул судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байв.

     1921-1935 оны хооронд  Магсар хурцын  “Монгол улсын шинэ түүх”, Л.Дэндэвийн “Монголын товч түүх”, А.Амарын “Монголын товч түүх”, Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэн байгуулагдсан товч түүх” зэрэг даацтай бүтээлүүд хэвлэгдэн гарчээ.ХХ зууны эхний хагаст түүхийн салбарт олсон том амжилт бол 1955 онд “БНМАУ-ын түүх” нэгэн боть зохиолын Зөвлөлтийн эрдэмттэй хамтран зохиосон явдал юм.1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдаж, түүний бүрэлдхүүнд Түүхийн хүрээлэнг байгуулснаар Монголын түүхийн  бүх үеэрх судалгааны ажил өргөжжээ. Энэ үеийн монголын түүх судлалын салбарт Ш.Нацагдорж, Н.Ишжамц, Ш.Сандаг, Ц.Пунцагноров, Х.Пэрлээ, Н.Сэр-Оджав, Ц.Доржсүрэн, М.Санждорж, Ч.Далай зэрэг нэртэй эрдэмтэд ажиллаж байв.

     1966 онд “БНМАУ-ын түүх”-ийг  монгол түүхчдийн хүчээр гурван ботиор зохион хэвлүүлсэн нь монголын түүхчдийн эрдэм шинжилгээний ажлын арга барил сайжирч, орчин үеийн шинжлэх ухааны шаардлага хангахуйц болсны илрэл байв. Манай түүхчид урьд өмнө мэдэгдээгүй байсан архивын баримт материалыг шинжлэх ухааны эргэлтэд оруулж судалгааныхаа сэдвүүдийг өргөжүүлж  монголын түүхийн гол зангилаа асуудлуудыг нарийвчлан боловсруулж задлан шинжилсэн хэд арван бүтээлүүдийг хэвлүүлжээ. ХХ зууны 90 оноос хойш монголын түүхийн судалгаа нэгэн шинэ шатандаа дэвшин оржээ. Монголын түүхийг шинэ онол арга зүйн үүднээс дахин боловсруулсан “Монгол улсын түүх”-ийг таван ботиор хэвлүүлэн гаргажээ. Мөн монголын түүхийн тулгамдсан асуудлаар судалгааны бүтээлүүд нилээд олноор хэвлэгдсэн байна. Ялангуяа энэ үед монголын түүх судлалд намтар судлал, ХХ зууны улс төрийн түүх  судлал илүү түлхүү хүчтэй хөгжиж байна.