“Нийслэлийн хөгжил-Шинжлэх ухааны технологи” сэдэвт
эрдэм шинжилгээний бага хурал
Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ой угтан олон ажил зохион байгуулж буйн нэг нь “Нийслэлийн хөгжил-Шинжлэх ухааны технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал юм.
2009 оны 9 дүгээр сарын 22-нд Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын байранд болсон энэхүү хурлыг Шинжлэх ухааны академи, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.
Бага хуралд шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, 20 орчим академич, 50 шахам дэд доктор, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХТ-д, НЗДТГ-ынхан зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцон Улаанбаатар хотын түүх, хөгжлийн өнөөгийн байдал, баримталж буй бодлого, үйл ажиллагаа, хэтийн чиг хандлагын талаар зөвлөлдлөө.
Хуралд оролцогсод хурлын ач холбогдлыг “Хотын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөвийг шинжлэх ухааны үндэстэйгээр авч үзэх чухал арга хэмжээ боллоо” хэмээн үнэлж байсан юм. Хуралд оролцогсод нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, хотын эдийн засгийн бие даасан байдлыг хэрхэн хангах, хот байгуулалт, барилгын материалын чанар, алсын хараа, эдийн засгийн хөгжлийн загвар, хүн амын эрүүл мэнд, Улаанбаатар хот орчмын газар доорхи усны экологийн өнөөгийн байдал, цаашдын асуудал, газар хөдлөлтийн идэвхжилт зэрэг асуудлыг хөндсөн илтгэлүүдийг тавилаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын энхий илтгэлийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт “Улаанбаатар хотын түүх, хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдвээр тавьлаа. Хурлаар “Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг боловсронгуй болгох нь”, “Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангах зарим асуудал”, “Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлууд”, “Алсын хараа, эдийн засгийн хөгжлийн загвар”, “Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн байдал”, “Улаанбаатар хот орчмын газрын доорх усны экологийн өнөөгийн байдал, цаашдын асуудалд” зэрэг 40 орчим илтгэл тавьж хэлэлцүүллээ.