МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛСАН БУЙ
“ОЮУНЫ ЧАДАМЖ-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР”
ҮНДЭСНИЙ ТЕХНОЛОГИЙН ФОРУМЫН ТУХАЙ
Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилго бүхий технологийн форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ОЮУНЫ ЧАДАМЖ-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвтэйгээр 2010 оны 03 сарын 29-31-ний өдрүүдэд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын байранд Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны Академи, Монголын анагаах ухааны Академи, Шинжлэх ухаан, технологийн сан, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэнд нийт 400 гаруй бүтээлийг толилуулсны дотор үйлдвэрлэлд нэвтэрсэн ажил 200 орчим, хувийн хэвшлийнхэнд санал болгох 140 бүтээгдэхүүн, технологи, одоо хийж буй судалгаа, тэдгээрт шаардлагатай байгаа дэмжлэг авахыг хүсч буй 70 гаруй төсөл тавигдлаа. Энэ үзэсгэлэнд ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүд, Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорациуд, ШУТИС, БСШУЯ, ХХААХҮЯ, ЭМЯ-ны харьяа эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн болон хувийн хэвшлийн нийт 53 байгууллага оролцлоо.
Технологийн форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Монгол Улсын засгийн газрын гишүүн, шадар сайд М. Энхболд, ХХААХҮ-ийн сайд Т. Бадамжунай, БСШУ-ны дэд сайд Ч. Куланда зэрэг хүндэт зочид оролцож үг хэлж, үзэсгэлэн үзлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Анагаах ухаан-биотехнологи; Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр; Шинэ технологи, инноваци; Эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтын технологи; Дэд бүтэц; Төр, бизнес, шинжлэх ухааны холбоо гэсэн 6 салбараар хуралдан, бизнес уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Салбар хуралдаануудад УИХ-ийн гишүүн З. Энхболд, Г. Баярсайхан, БСШУ-ны сайд Ё. Отгонбаяр, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П. Очирбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р. Болд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-осор, Монос группын ерөнхийлөгч Л. Хүрэлбаатар зэрэг төр засгийн өндөрлөгүүд болоод бизнесменүүд оролцлоо.
“Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” үндэсний технологийн форумын үеэр шинжлэх ухааныг үйлдвэрлэлтэй холбох, шинжлэх ухааны байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд эрдэмтдийн судалгаа шинжилгээний үр дүнг амьдрал, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор шинжлэх ухааны байгууллага, төр ба хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Форумын үеэр үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс ач холбогдлыг нь үнэлэн зарим эрдэм шинжилгээний болон хувийн хэвшлийн байгууллага, компанийг шалгаруулан МҮХАҮТ, БСШУЯ, Бага нуур ХХК зэрэг байгууллагууд шагнал гардуулав. Үүнд:
Монгол Улсад үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрдэм шинжилгээ, сорилт, туршилтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх талаар санаачлага гаргаж эх орны баялаг, байгалийн цэвэр түүхий эд ашиглан үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлж, Ургамал хамгааллын эрдэм шинжилгэний хүрээлэнгийн “ALLIMON” бүтээгдэхүүн, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн ба ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа хөгжлийн хүрээлэнг тус тус МҮХАҮТ-ын EXCELLENCE OF INNOVATION өргөмжлөлөөр шагнажээ. Өргөмжлөлийг тус бүр 250 000 төгрөгний мөнгөн шагнал дагалдсан байна. Монгол Улсад үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд экспортыг орлох, үр тариа ангилан ялгах, хатаах өндөр үр ашигтай тоног төхөөрөмж зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн амжилттай ашиглаж байгааг нь өндрөөр үнэлж “Дархан Мандах нар” ХХК-д МҮХАҮТ-ын Хүндэт өргөмжлөл, 100 000 төгрөг, БСШУЯ хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналыг тус тус гардуулав. Хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн “Утаагүй Улаанбаатар” төслийн хүрээнд бий болж, практикт нэвтэрсэн ШУА-ийн Эрдэс боловсруулалт, технологийн хүрээлэнгийн био-нүүрс- бүтээгдэхүүний ач холбогдлыг өндрөөр үнэлж “БАГАНУУР” ХХК хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Энэхүү форумаас шинжлэх ухаан, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг улс ардын аж ахуйд нэвтрүүлэн хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх талаар зөвлөмж гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэв.
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР