header image
Нүүр хуудас
ЭРДЭМТЭДИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН ШИНЖЛЭХ УХААНД ХӨРӨНГӨ PDF Print
Thursday, 27 May 2010
ЭРДЭМТЭДИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН ШИНЖЛЭХ УХААНД
ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

          Энэ оны эхний улиралд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо”компаниас эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн болох “Санитол”, “Тамидин”зэрэг гар халдваргүйжүүлэгч гелийг үйлдвэр үйлчилгээнд нэвтрүүлсэн үр дүнгээр бий болсон хөрөнгийг БСШУЯ, ШУТС-д 31 сая төгрөгийн хандив оруулан, эрдэмтэд өөрсдөө шинжлэх ухаан технологийн хөгжилд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн томоохон алхам болж байлаа.
         Монголын улсын шинжлэх ухааны салбарт 50 гаруй жил чинь сэтгэлээрээ зүтгэн ажиллаж байгаа Академич, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Аюурын Дулмаагийн Монголын усны амьтан судлал, загас судлалд оруулсан хувь нэмэр, түүний өргөн мэдлэг, хөдөлмөрч чанарыг үнэлж баршгүй.
         ШУА-ийн их чуулганы тэнхимд академич А.Дулмаагийн олон жилийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг эдийн засгийн үр ашиг бүхий эргэлтэнд оруулж, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үр дүнгээр бий болсон эх үүсвэрийг Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх үйлсэд зориулан манай академичдаас анх санаачлага гаргаж,  эрдэмтэн судлаачид, уншигчдын эртний танил, 60 орчим жилийн түүхтэй шинжлэх ухааны нийтлэлийн нэгэн цагийн толь болж байсан “Шинжлэх ухаан амьдрал”сэтгүүлийн нэг жилийн дугаарыг хэвлэн нийтлэх санхүүжилтийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшинд өргөн барьсан сайхан  үйл ажиллагаа боллоо.
         Энэхүү арга хэмжээ манай эрдэмтэн судлаачдын шинжлэх ухаан технологийн хөгжлийг Монгол улсын хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл болгон хөгжүүлэхэд өөрсдийн оюуны хүчийг дайчлан ажиллаж байгаагийн нэгэн илрэл гэж ойлгож болох юм. Энэ үеэр  ШУА-ийн удирдлага, академичид, эрдэм шинжилгээний хүрээлэн төвийн захирал, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээлэлийн албаныхан оролцов.
         1935 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн анхны тогтмол хэвлэл “Шинэ толь”нэртэйгээр хэвлэгдэж байсан түүхэн сэтгүүл шинжлэх ухааны салбар бүрийн тухай эрдэм шинжилгээний болон хялбаршуулсан ойлголт, Монголын болон дэлхийн шинжлэх ухааны өнгөрсөн үеийн баялаг түүхийн хуудас, эрдэмтэдийн шинэ соргог санаа сэдэл бүхий ажил, шинжлэх ухааны ололт нээлтийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж  байсан энэхүү сэтгүүлийг ШУА дахин сэргээн уншигч олныхоо гар дээр хүргэж байгаа нь XXI зууны уншигчид, судлаачид бидэнд шинжлэх ухааны шинэ ололт дэвшилтэй цаг алдалгүй танилцах сайхан боломжийг олгож байгаа хэрэг юм.
         Академич А.Дулмаа хэлэхдээ, би 1961 оноос хойш шинжлэх ухааны салбарт ажиллаж, загасны экологийн судалгаа хийлээ.
         Завхан аймгийн Эрдэнэхайран  сумын Улаагчны хар нуурын загасны үрийн сан, үржүүлгийн эрдэм шинжилгээний төв байгуулж, Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын хиймэл нуурт загасны экологийн ажиглалт судалгааг уйгагүй хийж, бараг 25 нуурыг загасжуулсан бөгөөд эдгээр судалгаа шинжилгээний үр дүн ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийн үр дүн хэмээн онцолж байлаа.
        “Шинжлэх ухаан амьдрал”сэтгүүл түүхэн сэтгүүл, бид энэ сэтгүүлийг хариуцлагатай тасралтгүй уншигч олон түмэндээ хүргэж байх нь бидний үүрэг гэж хэлээд, судалгаа шинжилгээнийхээ ажлаар нэрд гарч тэргүүлэх байр сууринд хүрсэн эрдэмтэдийн бүтээл туурвил, эрдэмтэдийн ажлын арга туршлага, манай залуу эрдэмтэдийн шинэ сэдэл санаа бүхнийг тусгаж, орчин үеийн шийдлээр шинэ цагийн өнгө аяс шаардлагын дагуу баяжин хэвлэгдэж байх болтугай  хэмээн хэллээ.


     
 Боловсруулсан: Д.Энх-Амгалан