header image
Нүүр хуудас arrow Нүүр хуудас arrow Latest arrow ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА PDF Print
Thursday, 03 June 2010

ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ Б.ЭНХТҮВШИН СОЛОНГОСЫН ЗҮҮН ХОЙД АЗИЙН ТҮҮХИЙН САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОН ЖЭ-ЖОН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

 

Монгол улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны түүхт 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНСУ-ын Зүүн хойд Азийн түүхийн сантай хамтран “Монгол-Солонгосын олон зуун жилийн харилцааны эрт, эдүгээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2010 оны 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд ШУА-ийн Их чуулганы танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Зүүн хойд Азийн түүхийн сангийн ерөнхийлөгч Жон-Жэ-Жон, БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Ил, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж, академич Д.Цэрэнсодном, ШУА-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Даваагив нар хүрэлцэн ирснээс гадна, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор(Sc.D), профессор Л.Хайсандай, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор(Ph.D) Д.Шүрхүү, Археологийн хүрээлэнгийн захирал доктор(Sc.D), профессор Д.Цэвээндорж, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор(Ph.D) Л.Гүнчинсүрэн, Түүхийн хүрээлэнгийн захирал доктор(Ph.D), дэд профессор С.Чулуун, доктор(Ph.D) С.Цолмон,  БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессор И Иг Жү, Канвоны их сургуулийн профессор Юн Өн Сүг, Ёнсей их сургуулийн профессор Ким Юү Чол, Кёнбугийн их сургуулийн профессор И Гэ Сог, Солонгосын гадаад хэлний их сургуулийн профессор Пан Бён Рюүл, И Пён Рэ  нарын эрдэмтэд сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн байна.

 Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь түүхэн баримтад тулгуурласан бүс нутгийн түүхийн судалгааг гүнзгийрүүлэх, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд манай хоёр орны хамтын ажиллагаа болон Ази тивийн түүхийн судалгааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт Монгол, Солонгосын эрдэмтэд итгэл дүүрэн байгаа юм. Хуралд оролцож илтгэл тавьсан судлаачдын илтгэлүүд шинжлэх ухаан, түүхэн судалгааны үндэслэлтэй, ихээхэн сонирхол татам байснаас гадна судлаачид манай хоёр орны эрт дээр үеийн хийгээд өнөө үеийн харилцааны түүхийг өөр өөрсдийн чиглэлээр гүнзийрүүлэн судалж, харьцуулан жишиж, хамтран ажиллаж буйг харуулж байв.

 Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн ажиллагааны дараа Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич  Б.Энхтүвшин, БНСУ-ын Зүүн хойд Азийн Түүхийн сангийн Ерөнхийлөгч  Жон Жэ-Жон нар  Монгол Улс, БНСУ-ын хооронд  түүх, соёл урлаг, улс төр, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, хоёр орны хоорондох соёлын харилцааны хөгжилд тулгуурсан нягт нөхөрлөл, түншлэлийг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.