header image
Нүүр хуудас
ҮНДЭСНИЙ ТЕХНОЛОГИЙН ФОРУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ PDF Print
Tuesday, 06 April 2010
“ОЮУНЫ ЧАДАМЖ-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” СЭДЭВТ
ҮНДЭСНИЙ ТЕХНОЛОГИЙН ФОРУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2010 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын төв байранд энэхүү технологийн форум-үзэсгэлэнг зохион байгууллаа. Уг форум-үзэсгэлэнгийн ажиллагаанд төр, засгийн байгууллага, хувийн хэвшил, үйлдвэр аж ахуйн нэгжийн болон 53 төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудыг төлөөлсөн 500 гаруй төлөөлөгч оролцов. Анагаах ухаан-биотехнологи; Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр;  Шинэ технологи, инноваци;  Эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтын технологи; Дэд бүтэц; Төр, бизнес, шинжлэх ухааны холбоо гэсэн 6 салбараар хуралдаж, салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, санал бодлоо солилцлоо. Форумын үеэр үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрсэн ажил, үйлдвэрлэгч, хувийн хэвшлийнхэнд санал болгох бүтээгдэхүүн, технологи, одоо хийж  буй судалгаа, тэдгээрт шаардлагатай байгаа дэмжлэгийн талаархи мэдээллийг багтаасан үзэсгэлэн зохион байгуулж, эрдэм шинжилгээ, бизнесийн болон төрийн байгуулагууд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгууллаа. Энэхүү форумаас шинжлэх ухаан, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх талаар зөвлөмж гаргаж байна.

НЭГ. ТӨР, ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД:
-    Шинжлэх ухааны байгууллагын бие даасан байдлыг хангах, нийгмийн өгөөжийг эрс дээшлүүлэх чиглэлээр төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, төвлөрлийг сааруулах,
-    Инновацийн тухай хуулийг баталж, инновацийн тогтолцоог хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэдэх инновацийн дэд бүтцийн нэгжийг төрөөс дэмжиж, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх
-    Шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн хэмжээг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан төвшинд хүргэх замаар эрдэм шинжилгээний байгууллагуудын лабораторийн тоног төхөөрөмжийн хангамжийг эрс сайжруулах
-    Салбарын шинжлэх ухааны чадавхийг сайжруулах, шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг яамд, орон нутгийн төсөвт тусгаж байх
-    Төрийн захиргааны байгууллагын төсөвт Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэхэд болон Шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх зардлыг жил бүр суулгаж байх
-    Төрийн байгууллага, судлаачдын хамтлаг, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар санхүүжилтийн олон эх үүсвэрийг бий болгон томоохон төсөл, хөтөлбөрийг цогцолбор байдлаар шийдвэрлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах
-    Нийгэм-эдийн засгийн үндсэн салбаруудын үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд тавигдах стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэх
-    Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд бизнесийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  тэдэнд татварын хөнгөлөлт үзүүлэх
-    Хувийн секторт ач холбогдол бүхий төсөл судалгааг санхүүжүүлэх зорилготой төр, хувийн секторын хамтарсан тэтгэлгийн сан байгуулж хэрэгжүүлэх
-    Төр, шинжлэх ухаан, бизнесийн тогтвортой хамтын ажиллагааг дэмжих зорилгоор төр, шинжлэх ухаан, бизнесийн төлөөлөл бүхий хамтарсан байнгын зөвлөлийг ажиллуулах
-    Орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий боловсруулах жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд чиглэсэн зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрт олгох зээлийн хүүг бууруулах эсвэл тэглэх
-    Шинжлэх ухааны байгууллагад зээлийн баталгааг төрөөс гаргадаг механизмыг бий болгох
-    Технологийн зах зээл буюу биржийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх
-    Салбарын багаж тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний нэгжийг ШУА-ийн харьяанд байгуулах
-    Эм үйлдвэрлэлийн тогтолцоог боловсронгуй болгож, импортын эмийг эмнэлзүйн туршилтын дараа дотоодод хэрэглэх журам бий болгох
-    “Биотехнологийн хөгжил” сэдэвт үндэсний зөвлөлгөөн-симпозиум зохион байгуулах

ХОЁР. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД:
-    Шинжлэх ухааны салбар дамнасан судалгаа, хүрээлэн хоорондын хамтын ажиллагаа сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр бодитой ажил зохион байгуулах
-    Эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид зах зээлийн мэдрэмжтэй ажиллах, үйлдвэрлэгчдийн эрэлтэд нийцсэн судалгаа, шинжилгээний ажил хийх
-    Байгууллага хоорондын болон судлаачдын түвшинд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсад хэрэгжиж байгаа судалгааны ажил, төсөл хөтөлбөрт гадаадад ажиллаж байгаа монгол судлаачдын оролцоог хангах нөхцлийг бүрдүүлэх
-    Эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн судалгааны чиглэлийг Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологитой уялдуулан хөгжүүлэхэд анхаарч ажиллах
-    Тухайн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага бүр мэдээллийн нэгдсэн сан байгуулж, шинжлэх ухааны ололт, үр дүнг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, байгууллага хооронд харилцан мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх
-    Технологийн зах зээл буюу технологийн биржийг байгуулах
-    Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, инновацийн бүтээгдэхүүний жагсаалтыг жил бүр гаргаж, салбарын яам, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон үйлдвэрлэл эрхлэгчдэд санал болгож эдийн засгийн эргэлтэд оруулж байх
-    Бизнес эрхлэгчдийн менежментийн болон технологийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, техникийн туслалцааг өргөжүүлэх ажилд идэвхитэй оролцох

ГУРАВ. БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДАД:
-    Үндэсний үйлдвэрлэгчид, томоохон аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд судалгаа шинжилгээний нэгж, лабораториуд байгуулж, технологийн түвшинг дээшлүүлэх
-    Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хүч, нөөц боломжоо нэгтгэн хамтарч ажиллах
-    Үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ технологийн түвшин, бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай судалгаа боловсруулалтын ажлыг үндэсний эрдэмтэд, судлаачдад захиалга өгч гүйцэтгүүлэх
-    Шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, эх орны брэнд бүтээгдэхүүн бий болгох чиглэлд эрдэмтэн, судлаачидтай нягт хамтран ажиллах
-    Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллах

ҮНДЭСНИЙ ФОРУМД ОРОЛЦОГЧИД
Улаанбаатар хот                                                                   2010 оны 3 сарын 31-ний өдөр